“Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалт эхэллээ

Энэ сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа боллоо. 

Цар тахлын халдварт өвчин дэлхий даяар тархаад байгаа хүнд хэцүү үед Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар, холбогдох төрийн байгууллага болон орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд болон төсөлд оролцогч байгууллагууд  бүх хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр /2021/01/15/ үйлдвэрийнхээ технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүллээ.   

Уг ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Жей Эм Си Прожектс Индиа” компани ажиллах бөгөөд үйлдвэрийн иргэний барилга байгууламж (захиргааны байр, агуулах, засварын цех,   гал  командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр), ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулах юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, үйлдвэрийн барилга угсралтын ажилд шаардлагатай дэд бүтэц болох төмөр зам, авто зам, ЦДАШ зэргийг нэг жил гаруйн хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулсан юм. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани гэрээ хэлэлцээр байгуулах, тооцоо судалгаа, төлөвлөлт хийх зэрэг нүсэр ажлыг амжилттай гардан гүйцэтгэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нэгэн чухал үе шат эхэлж байгаа юм. 

Ёслолын ажиллагаанд БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П. Сингх, Дорноговь аймгийн Засаг дарга М.Батжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, ТМЗ “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгч Л.С. Верма, “Жей Эм Си Прожектс Индиа” компанийн төслийн удирдагч Санжив Кумар болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн инженер, мэргэжилтнүүд, бусад албаны хүмүүс оролцлоо. 

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын хүрээнд говийн бүсэд олон тооны шууд болон шууд бус ажлын байр бий болж, ард иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжилд тодорхой үр өгөөж өгөх юм. 


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.