“Эрдэнэс-Тавантолгой” ХК мэдэгдэл гаргажээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ” гэсэн агуулга бүхий мэдээллийг зарим телевиз, сайт, сошиал сүлжээнд зохион байгуулалтай цацаж буйтай холбогдуулан энэхүү няцаалт мэдэгдлийг гаргаж байна. Мэдээлэлд Тэргүүн дэд захирал буюу Уул уурхайн бодлого, уурхайн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан Б.Ганхуягийг нүүрс борлуулах үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй байхад гарын үсэг зурдаг байсан мэтээр гүтгэжээ.

  Компанийн журмын дагуу Нүүрс борлуулалтын гэрээний саналын хуудсанд Маркетинг хариуцсан газрын захирал, Геологи уул уурхайн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч, Хууль эрх зүйн газрын захирал, Захиргаа Удирдлагын газрын захирал гэсэн албан тушаалтнууд гарын үсэг зурж, Борлуулалт хариуцсан газрын захирал болон Гүйцэтгэх захирал гэрээ байгуулж, гарын үсэг зурдаг байсан. /Баримт болгон мэдээлэлд нэр дурьдсан гэрээний зургийг хавсаргав/

  Тухайн үеийн гэрээнүүдээс харахад “Б.Ганхуяг тэргүүн дэд захирал байхдаа нүүрсний гэрээнд гарын үсэг зурж, зуучлалын хөлс нэрээр онц их ашиг хүртдэг байжээ” гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг бөгөөд тэрбээр борлуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээтэй танилцдаггүй байсан нь дээрх баримтаас тодорхой харагдана.

  Харин КомпанийнТөлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Б.Ганхуяг нь Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш нийгэмд яригддаг “нүүрсний гэрээний зуучлал” гэгддэг хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоолгох, таслан зогсоохын төлөө хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авснаар өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй болсон.

  “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сүүлийн 2 жил дарааллан өндөр ашигтай ажиллаж, анх удаа иргэдэд ногдол ашиг өгөн, 1072 хувьцааг “амь оруулсан”-ы зэрэгцээ төмөр зам, дэд бүтцийн томоохон төслүүд, Улаанбаатар хотын утааг арилгах ажлыг санхүүжүүлэн, улсын төсөв, татварт багагүй хэмжээний мөнгө төвлөрүүлж, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж,амжилттай яваа компани юм.

  Худал ташаа мэдээлэл, гүтгэлгийг олон нийтийн сүлжээгээр цацаж, уурхайчин хамт олон болон гүйцэтгэх удирдлагын нэр хүндэд халдаж буй асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.