Б.Баярмаа: Санхүүгийн харилцагч тань мэдээллээ сольсоноо цахимаар мэдэгдвэл заавал эргэн нягтлаарай

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаатай ярилцлаа. 

-Иргэдийг цахим луйвар, залилангаас сэргийлэхэд банкин дээр тулгарч байгаа бодит хүндрэлүүд юу байна вэ. Банкууд иргэдийг цахим залилан, луйвраас урьдчилан сэргийлэх, мэдээллээ хамгаалах чиглэлд хэрхэн зөвлөж ажилладаг вэ? 

Сүүлийн үед цахим орчинд гарч байгаа санхүүгийн луйврын тохиолдлууд нэмэгдэж байгаа. Тийм учраас банкууд хоорондоо энэ асуудлаар мэдээлэл солилцон хамтран ажиллах шаардлага тулгарсан. Хамгийн гол нь банкуудад ихэвчлэн ямар асуудал тулгарч байна вэ гэхээр харилцагчид маань санхүүгийн эрсдэлээс сэргийлж буй банкуудын өгч байгаа мэдээлэлд  ач холбогдол өгөхгүй байгаад юм. Үндсэндээ мэдээллийг хүргэх тусам, энэ зүйл надаас хол, надад тохиолдохгүй, эсвэл би бүх мэдээллээ нягталдаг гэх байдлаар хандаж, тоохгүй орхидог. Удмаар эрсдэлд орж,  хохирсныхоо дараа л одоо яах вэ гэдэг байдлаар банкинд хандаж байна. Тэгэхээр юуны түрүүнд зөвлөхөд, хувийн мэдээллээ бусдад дэлгэх, алдахгүй байхад анхаарч, чанд хадгалж байж санхүүгийн залилан луйварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.  Нөгөөтэйгүүр  нэгэнт санхүүгийн залилан, луйврын хохирогч болсон бол холбогдох байгууллагуудад тэр дор нь мэдээлэх хэрэгтэй байна. Бодит байдлаас харахад хугацаа алдаж хандаж байгаа нь гэмт хэргийг хурдан илрүүлэхэд төвөгтэй байдлыг үүсгэж байна. Нэгэнт өөрөө хохирогч болсон бол ойр дотныхоо хүмүүсийг ч мөн өөртэйгөө адил байдалд орохоос сэргийлж сэрэмжлүүлж баймаар байна.

-Та хэллээ шүү дээ, мэдээллээ нууцлах хэрэгтэй гэж. Харилцагчид ямар байдлаар ихэвчлэн мэдээллээ алддаг вэ?

-Манай иргэдийн хувьд цахим орчинд өөрсдийн мэдээллээ их  нээлттэй тавьж байна. Гэтэл тэр мэдээлэлд нь үндэслэн тухайн хүний түвшинг таньчихаад хакердах замаар цахим талбарт нь нэвтэрч, танил ойр дотны хүмүүс рүү нь, түүнчлэн олны танил хүний хаягаар бусад руу хандаж гар утас эсвэл и-мэйл хаягийг нь гуйж аваад кодууд илгээдэг. Буцаагаад тухайн хандсан хүнээсээ илгээсэн кодуудаа асууж, хэлүүлснээр тухайн хүний и-мэйлд хакердаж, нэвтрэх боломжтой болдог. Улмаар и-мэйл дотроос нь цахим банкны нууц үг, нэвтрэх нэр бүхий и-мэйлийг олж авч, тухайн иргэний цахим банкинд  нэвтрэх, луйврын гүйлгээ хийх, дансыг нь хоослох, бусдад шилжүүлэх зэрэг үйлдлийг хийдэг. Тэгэхээр иргэд цахим орчинд болгоомжтой баймаар байна. И-мэйлээр банкнаас ирсэн зөвхөн таны л мэдэж байх ёстой нууцлалтай холбоотой мэдээллүүдийг ашигласныхаа дараа нэн даруй  устгаж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр танил дотны хүмүүс тань чатаар мөнгө гуйх, дээрх үйлдлийн адил утас и-мэйлээр тань код илгээхийг хүсвэл хүлээж авахгүй байх нь чухал. Мөн энд, тэнд интернэтээр и-мэйл рүүгээ нэвтрэх, интернэт болон мобайл банкаа ашигласан бол дараа нь заавал бүрэн гарч, мэдээллээ үлдээхгүй байхад анхаармаар байна. Эсвэл нууц үгээ шинэчлээд байж болно шүү дээ. Гэхдээ аль болох энгийн амархан тайлагдахгүй байх нууц үгийг сонгох нь зөв. Мөн тодорхой давтамжтайгаар дансаа шалгаж байх нь чухал. Түүнчлэн иргэд гадаад гуйвуулга хийх гэж банкинд ирэх үед банкны ажилтнууд “Энэ таны олон жил харилцсан, тогтмол шилжүүлэг хийдэг данс чинь мөн үү. Эсвэл дөнгөж шинэ харилцагч бол тухайн харилцагчтайгаа утсаар ярилцаж, мэдээллийг нягталсан уу” гэж лавладаг. Энэ тохиолдолд тэр даруйд нь тухайн харилцагчтайгаа холбогдож, мэдээллээ шинэчилсэн эсэхийг нь баталгаажуулж, нягталсны үндсэн дээр гүйлгээгээ хийгээсэй гэж хүсч байна. Мөн нэгэнт санхүүгийн луйварт өртсөн бол тухайн и-мэйл хаягийг дахин ашиглахгүй байх, устгах, харилцдаг банкиндаа очоод, өөрийн хувийн мэдээллээ бүрэн шинэчлүүлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа нэг асуудал бий. Тэр нь юу вэ гэхээр импортлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд олон жил харилцсан харилцагчаасаа бараа бүтээгдэхүүнээ авах, төлбөр тооцоог гүйцэтгэх үеэр гадаад дахь харилцагчийнх нь дансны дугаар өөрчлөгдөх тохиолдол гардаг. Энэ үед маш хянуур байж, тухайн өөрчлөгдсөн харилцагчийнхаа нэр хаяг, данс нь өөрчлөгдсөн гэдэгт нь итгэх үү, эсвэл сайтар нягталж тодруулж мэдсэнийхээ үндсэн дээр мөнгөө шилжүүлэх үү гэдгээ шийдэхгүй бол мөнгөө алдах аюулд хүрч байна.  Тийм учраас мэдээллийг заавал нягтлах хэрэгтэй. Мөн и-мэйл хаягаар ирж байгаа, эсвэл өөрөөс нь асууж байгаа аливаа линк дээр дарахгүй байх. Цахим худалдаанд оролцдог бол цахимаар бүх мэдээллээ илгээхгүй байх зэрэг олон зүйлийг нягталж, анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Ер нь иргэдийн цахим луйварт өртөх  байдал хэр анхаарал хандуулах түвшинд хүрсэн гэж үзэж байна вэ?

-Манай улсын хувьд цахим талбарын хэрэглээ сүүлийн хэдхэн жилийн дотор өргөн хүрээг хамарч, иргэд их нээлттэй ашиглах боллоо. Бүх л төрлийн худалдаа үйлчилгээнүүд цахимаар хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн луйврын гүйлгээнүүд ихсэх хандлагатай болжээ. Өмнө нь цахим луйвар нь зөвхөн картын гүйлгээтэй холбогддог байсан бол өнөөдөр банкны үндсэн дансуудыг ашиглах тохиолдлууд их гарч байна. Тийм учраас арилжааны банкууд Монголбанк, Банкны холбоотойгоо хамтраад “Ятгах тусам  нягтал” аянд нэгдэн мэдээллийг бүх харилцагчиддаа, жигд хүргэе гэсэн зорилго тавин ажиллаж байна. Банкны харилцагчдаас гадна нийт иргэддээ ч бас хүргэе. Та миний хэлснээс анзаарсан байх, цахим луйвар нь зөвхөн иргэд бус аж ахуйн нэгжүүд рүү ч чиглэх болсон гэж. Хүрээ нь тэгэхээр өргөн тархаж байна гэсэн үг. Мөн луйвардсан мөнгөн дүн нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь яах аргагүй анхаарал татах хэмжээнд хүрсэн том асуудал болоод байна.  Тийм учраас хамтдаа зөв мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж, монгол иргэн, монгол компаниа цахим луйвар, залилангаас хамгаалъя гэж уриалмаар байна. 

-Тэгвэл банкуудад халдлага хийснээс болж харилцагч хохирох тохиолдол гардаг уу?

-Банкууд цахим технологийг түлхүү ашиглаж байгаатай холбоотойгоор мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд маш өндөр түвшний, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Тэгэхээр банкны үндсэн программ хангамжаар маш сайн хамгаалж чадаж байгаа. Гэтэл иргэд маань өөрөөс хамаарсан буюу зөвхөн тухайн иргэн, тухайн аж ахуйн нэгж л мэдэж байх ёстой мэдээллээ өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж алдаж байгаа нь ийм төрлийн гэмт хэрэгт өртөх гол шалтгаан болж байна. Сүүлийн үед зохицуулагч байгууллага болох Монголбанкны зүгээс улам бүр цахимжиж байгаа цаг үетэй нийцүүлж харилцагчдыг хамгаалахад зохицуулагч байгууллага болон банкны зүгээс зайлшгүй хийх ёстой зохицуулалтуудыг хууль, журмандаа маш нарийн тусгаж өгөх болсон. Арилжааны банкууд үүнд нэгдэж, хамгаалалтаа сайжруулах, ажилтнуудаа сургах зэрэг тодорхой ажлуудыг хийж байгаа ч яг хувь хэрэглэгчээс мэдээлэл алдагдаад байгаа учраас энэ орчны хамгаалалт сулраад байгаа юм. Тэгэхээр иргэд маань  мэдээллээ сайн хамгаалж, өөрсдийгөө санхүүгийн залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж, мөн бусдыгаа ч  сэрэмжлүүлэх нь чухал болоод байна гэдгийг л ахин дахин хэлэхийг хүсч байна. Тийм учраас нийгмийг хамарсан “Ятгах тусам нягтал” аяныг Цагдаагийн ерөнхий газраас санаачлан Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран иргэн бүрийн анхаарах асуудал болгохын тулд хичээн ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.