Н.Түвшинбаяр: Миний өдий зэрэгтэй яваа нь түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ

2017 оны 11 дүгээр сарын 19-ны энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хүртэж байв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм. Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм.

Н.Түвшинбаяр “Чингис хаан”  одонг хүртсэнийхээ дараа “Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн Төрийн эрхэм дээд одонг улсынхаа Төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна.

Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна. 

Миний өдий зэрэгтэй яваа нь өсөж бойжсон өв тэгш монгол ахуй, зан заншил, соёл, ижий аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ. 

Энэ бүгд сэтгэл зүрхэнд минь гүн бат уяатай-Миний эх орон.

Монгол хүн Олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсад минь Олимпийн анхны алтан медаль ирсэн гэж би боддог оо.  Энэ медаль Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм аа.

Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой, тэр зорилгынхоо төлөө тууштай, шантралгүй хөдөлмөрлөх юм бол хүн бүхэнд боломж байдаг гэж би боддог оо.

Энэ өдөр монгол хүн бүхэн

Эх орон, монгол хүнээрээ бахархаарай.

Монгол бахархлыг бүтээхийн төлөө шантралгүй зориорой.

Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ. 

Монголоо гэсэн сэтгэлийг хойч үе, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна.

Миний бие цаашид өөрийн хийж чадах бүхнээрээ эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чармайн зүтгэх болно.

Агуу их төрийн минь сүлд өнөд ивээж, төрийн нуруу түвшин, түмэн олны минь заяа өөдөө байг ээ ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Bolloo.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.