Чанаргүй зээлийг илрүүлсэн нь “Эерэг дохио”

Банкны системийн “бие” эрүүл саруул, эсэхийг илтгэдэг чанаргүй зээлийн хэмжээ огцом тэлэв. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр чанаргүй зээлийн хэмжээ жилийн өмнөхөөс 545.6 тэрбум төгрөг буюу 39 хувиар өсжээ. Ингэснээр нийт 1.9 их наяд төгрөгтэй дүйлээ. Банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ энэ оны наймдугаар сарын эцсээр 12.1 их наяд төгрөгт хүрсэн. Одоогоор чанаргүй зээл нь нийт зээлийн багцын 10.5 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн хорооноос чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр хувиар нэмэгдсэнийг тодотгоод буй.

Чанаргүй зээл нэмэгдэх нь санхүүгийн салбарын маш муу үзүүлэлтүүдийн нэг. Муу зээл аль болох бага байвал санхүүгийн зах зээл эрүүл саруул байна гэж үздэг. “Капитал” банкийг татан буулгасныг та бүхэн санаж байгаа. Нийт зээлийнх нь 80 хувь эргэн төлөгдөх нь тодорхойгүй болсноор энэ банкийг татан буулгасан. Систем дотроо жижиг банк байсан учраас эдийн засагт доргилт үүсгэсэнгүй. Томоохон банк дампуурвал эдийн засагт доргилт үүсэж, хямралын суурь болох ч магадлалтай. Тиймээс л банкны удирдлага чанаргүй зээлийг бага түвшинд байлгах гэж хичээдэг. Чанаргүй зээл өсвөл санхүүгийн салбар тогтворгүй болно. Санхүүгийн салбар нь хямарвал эдийн засаг хүндэрнэ. Санхүүгийн салбараа эрүүл байлгах нь улс орны чухал зорилго билээ.

Чанаргүй зээл нийт зээлийнхээ тэдэн хувьд хүрвэл аюулын харанга дэлдэнэ, тиймээс төдий хэмжээнд барих шаардлагатай гэсэн тогтсон итгэлцүүр, баримжаа байдаггүй. Чанаргүй зээлийн муу нөлөө хэрхэн илрэх нь тухайн улсын эдийн засгийн онцлогоос хамаардаг аж. Тэгэхээр чанаргүй зээл бага байвал сайн, байхгүй бол бүр сайн гэсэн теорем үйлчилдэг хэрэг. Өмнөд Солонгосын Төвбанк чанаргүй зээлийг нийт зээлийн багцын 14 хувиас бага байвал банкны системийн үйл ажиллагаа хэвийн гэж үздэг гэнэ. Тэгвэл манай улсын чанаргүй зээл нийт зээлийнхээ хэдэн хувьд байвал хэвийн гэж үзэх вэ. Мэдээж өмнө нь дурдсанчлан тогтсон тоо, баримжаа байхгүй. Банкны салбарынхан нийт зээлийн таван хувиас бага байвал хэвийн гэж үзэж болох талаар ярилцдаг. Тэдний гаргаж тавьдаг хийсвэр тоотой харьцуулбал манай улсын чанаргүй зээл хэвийн байх хэмжээнээсээ хоёр дахин давжээ. Тэгэхээр “Аюул ойртож байна шүү” гэж анхааруулах дохио аль хэдийн анивчаад эхэлсэн гэсэн үг.

Активын удирдлагын компани байгуулж, чанаргүй зээлийг худалдах бодлогыг Төвбанк баримталж буй нь чанаргүй зээл төдийлөн буурахгүй байгаатай холбоотой болов уу. Активын удирдлагын компанид чанаргүй зээлээ худалдчихвал банк “хатиг”-наасаа салж, эрүүл саруул болно. Чанаргүй зээлийг банкнаас хямдруулан худалдаж авсан компани зээлдэгчтэй тохиролцож, авсан мөнгийг нь эргэн төлүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, банкны эрсдэлийг өөр этгээд үүрч, санхүүгийн зах зээлд савлагаа үүсэхээс сэргийлнэ гэсэн үг. Цаашлаад эдийн засаг хүндрэх эрсдэлийг ч бууруулах юм.

Монгол Улсын эдийн засаг хагас жилийн дүнгээр 7.3 хувь буюу өндөр өсөлттэй байна. Энэ онд эдийн засаг хоёр оронтой тоонд хүрч өсөх болов уу гэсэн хүлээлт шинжээчдийн дунд үүслээ. Манай улсын гадаадад экспортолж, орлого олдог нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд өндөр хэвээр байгаа. Ашигт малтмалын үнэ ханш өндөр учраас уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө далайцтай байна. Үүнийг гадаад худалдаа, төсвийн тэнцэл ашигтай гарч буйгаас харж болно. Бүх төрлийн татварын орлого нэмэгдлээ. Эдийн засгийн нөхцөл сайн, худалдаа, үйлчилгээний салбар өсөлттэй байвал чанаргүй зээл буурах магадлалтай. Гэтэл яагаад огцом өссөн бэ.

Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны аравдугаар сараас өсөж эхэлжээ. Муу зээл өсөж эхэлсэн цаг хугацаа банкны салбарт өрнөж буй нэгэн үйл явдалтай давхцаж байгаа. Тодруулбал, банкуудад активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн хугацаатай давхцав. Засгийн газрын Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын активын чанарыг үнэлж буй. Энэ ажил нь банкны салбарын үйл ажиллагааг сайжруулах, урт хугацаанд тогтвортой байлгах зорилготой. Уг нь активын чанарын үнэлгээг хэдэн сарын өмнө хийж дууссан. Гэхдээ нягтлах шаардлага тулгарсан учраас зарим банкны активыг дахин үнэлж байна. Активын чанарын үнэлгээ хийх явцад банкуудын олгосон зарим зээл хуудуутай байсан хэрэг. Ингээд л чанаргүй зээлийн хэмжээ огцом өссөн. Монголбанкныхан үүнийг баталж буй.

Хүн туссан өвчнөө мэдэхгүй явсаар хүндрүүлэх тохиолдол байдаг. Өвчин нэгэнт хүндэрсэн тохиолдолд анагаах гэж цаг хугацаа алдана, их хөрөнгө мөнгө зарцуулна. Өвчнөө ужгируулчихвал амиа алдахад ч хүрнэ. Харин өвчнөө эрт илрүүлбэл эмчлэхэд хялбар. Цаашлаад их хэмжээний мөнгө зарцуулахгүй, амиа эрсдүүлэхгүй. Банкуудад активын чанарын үнэлгээ хийж, “өвчин”-ийг эрт илрүүлсэн нь сайн хэрэг. Банкны салбарынхан одоо мэдэгдэлгүй газар авсан “өвчин”-өө эмчлэхээр ажиллах нь тодорхой. Эрт эмчилгээ хийчихвэл санхүүгийн салбар хямрахгүй. Эцэстээ эдийн засаг тогтвортой өсөх хөшүүрэг болоход тустай.

Активын чанарын үнэлгээ хийхэд банкуудын бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүнээс “но” илэрчээ. Өөрөөр хэлбэл, зээлийн бүтээгдэхүүн бүрт нь чанаргүй зээл нуугдаж байсан гэсэн үг. Хүнтэй зүйрлэвэл “өвчин” өргөн хүрээтэй тархаж, эрхтэн бүрт нь үсэрхийлжээ. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээлээс нэлээд хэсэг нь чанаргүй байсан гэнэ. Илэрсэн чанаргүй зээлээрээ дээрх салбарууд толгой цохижээ. Мөн цалин, тэтгэврийн зээлийн нэлээд хэсэг чанаргүй байсан аж. Тодруулбал, уул уурхайн салбарт олгосон зээлийн 187.7, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосны 97, үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосны 57, цалин, тэтгэврийн зээлийн 46.6 тэрбум төгрөг чанаргүй гэсэн ангилалд багтсан байна.

Тэгвэл хугацаа хэтэрсэн зээл буурчээ. Өнгөрсөн сарын эцсээр 982.4 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл үүсэв. Энэ нь жилийн өмнөхөөс 3.5 хувиар буурсан үзүүлэлт. Гэхдээ хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн сард 103 тэрбум төгрөгөөр огцом нэмэгдсэнийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хугацаа хэтэрсэн зээлийн 400.6 тэрбум төгрөг нь бөөний болон жижиглэн худалдааны, 430 тэрбум нь барилгын салбарт ногдсон аж. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед дээрх хоёр салбарт олгосон зээл мууджээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.