Сайжруулсан шахмал түлшний талаар ташаа мэдээлэл тараасан хүмүүсийг шалгуулна гэв

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ.

“Таван толгой түлш” ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж, цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж буй аж.

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
“Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой ажээ.

Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд сайжруулсан шахмал түлш худалдах цэг байхаар төлөвлөсөн билээ.
Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас 58 албан хаагч нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад хяналт тавих юм байна.

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах ажээ. Сайжруулсан түлш авах картыг хийж буй бөгөөд 2-6 тонныг авах эрхтэй байхаар төлөвлөсөн байна.

Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савлагаатай гаргаж байгаа нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах аж.

Гэвч сүүлийн үед сайжруулсан түлштэй холбоотой саар мэдээлэл нийгэмд их цацагдаж хүн бүр шүүмжилж байна.

Тэгвэл гадуур гараад байгаа мэдээлэлтэй холбоотой өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-иас залруулга мэдээлэл хийлээ.

Үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндорж “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл их гараад байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй мөртлөө, хэрэглэж үзсэн мэтээр зохион байгуулалтайгаар энэ бүтээгдэхүүний талаар худлаа мэдээлэл тарааж байгаад зүгээр суухгүй.

Манай бүтээгдэхүүн бүх зууханд туршигдаад батлагдсан түлш. Сайжруулсан түлш илчгүй, тортог ихтэй, үнс их гардаг гэдэг мэдээлэл нь ташаа юм. Бүтэн жил ажилласан 500 гаруй залуусын ажлыг харлуулж байна. Олон нийтээр яваад байгаа асуудалд манайхан эгдүүцээд байна. Бид ажлаа фэйсбүүк хөгжүүлдэг увайгүй хүмүүсээр доромжлуулмааргүй байна.

Та нар өөрсдөө очоод туршилт хийж байгааг нь хар. Нотолгоо баримтыг нь харцгаа.

Саяхан зуслан дээр түлшсэн гэх этгээдээс та түлсэн үү гэхээр түлж үзээгүй гэсэн хариулт хэлсэн. Тэгсэн хэрнээ фэйсбүүк хөгжүүлэгчтэй нийлж, компанийн хийсэн ажлыг харлуулж байгаа учир нэр бүхий хэдэн хүмүүсийг шалгадаг газар нь шалгуулж, хариуцлага тооцуулна.

Сайжруулсан нүүрс юм чинь тодорхой хэмжээнд үнс гарна. Түүнээс их гарахгүй гэж хэлээгүй.

Туршилтаар бол түүхий нүүрсээс хоёр дахин их илчлэгтэй гэж явж байгаа. Манай нүүрс технологийн хувьд хурдан асч цогшиж байна. Тиймээс утаа гарахгүй.

Гэр хорооллын айл өрхөд санамсаргүй байдлаар нэг айлыг сонгож,  сар амьдарсан. Ингэхдээ Өлзий болоод энгийн зуухтай айлд туршилт хийхэд шаталт сайн байсан. Хамгийн гол иргэд өөрсдөө гэрийн дулаалгаа сайн хангах ёстой.
Бүхэл бүтэн баг ажиллаж байна. Хэрвээ иргэн та галлаж чадахгүй байгаа бол бидэнд ханд, манайхтай холбогд, бид очоод заагаад зааварчлаад өгье. Аль болох хоёр талаа дэмжиж ажилламаар байна.

Картын хувьд гэвэл, гадуур ченжүүд бөөнөөр нөөцөлж аваад бусдад дамлаад зарах вий гэсэн үүднээс тодорхой гаргасан юм. Одоогоор 200 мянган тонн нүүрс нөөцөлж, 400 гаруй цэг ажиллуулж байна. Сургаар биш судалгаанд тулгуурлаж үнэн бодитой мэдээллийг нийгэмд тараамаар байна” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.