Монголчууд хөгжлийн сан байгуулах гэж хөглөсөн нь

Манайхан зах зээлд ормогцоо улс орнууд сан байгуулдаг гэдгийг хамгийн түрүүнд “ойлгож авсан” ба монгол зангаар түүнээс цаашхийг огт сонирхсонгүй. Бусад орнууд сангаа улс орноо хөгжүүлэх гэж байгуулдаг зарчмыг манай аваргууд сан байгуулж түүнийгээ дураараа иддэг гэж “ойлгожээ”.

Ингээд сан байгуулж эхлэв. Нэг, хоёрыг биш, “үй түм”-ээр нь байгуулав. Нэр нь сан нэртэй болохоос энэ бол эрх баригчдын дураараа идэж уудаг “шидэт бүтээлэг” болсон юм.

Олон жил хязгааргүй идсэн нь баригдмагц төр засаг: “Цэвэр агаар сан”-г нэг бүрчлэн шалгаад алаад хаяна” гэж амласан боловч хэн ч шийтгэл хүлээгээгүй. Бүгдээрээ нийлээд идчихсэн юм чинь хэнийгээ ч шийтгэх билээ ?!

Ингэж явж байгаад 2009.11.18-нд “Хүний хөгжил сангийн тухай хуулийг” батлав. Даан ч санд төвлөрүүлсэн мөнгөө иргэддээ баруун солгойгүй тарааж дуусгав. Энэ нь эдийн засагт өрийн хүчтэй дарамт үүсгэв. Улмаар “Хүний хөгжлийн сан” сонгуульд улс төрийн оноо авах хэрэгсэл болон хувирав. Засгийн Газар 2009 онд Хүний хөгжил сангаас иргэдэд 120 мянган төгрөг “тараах” тогтоол гаргав. 2010 онд Иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох Засгийн Газрын тогтоол гаргав. 2011 онд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох тогтоол гаргав. Олон удаа тогтоол гаргаж, чингэхдээ хэмжээ нь алд дэлэм ихсэж багасаж, авсан аваагүй, хүүхдэд мөнгө өгнө өгөхгүй гэж маргалдан баахан бантан хутгав.

“Эх орны хишиг” гэвэл манайхан санах нь лавтай. Харин “Эх орны хишиг” гэдэг чинь “Хөгжлийн сан”-гийн мөнгөө тарааж байгаа хэлбэр гэдгийг манайхан “ойлгодоогүй” юм. 2010-2012 онуудад Засгийн Газар иргэн бүртээ 500 мянган төгрөгийг бэлнээр тараасан.

Одоо ард түмэн “Хөгжлийн сан”-гийн мөнгө хаашаа алга болсон ?” гэхээр: “Та нар аваад идэж уугаад бааж шээгээд дуусгачихсан” гэх албан ёсны марзан хариу өгдөг болсон. Ийм марзан тайлбартай дээрмийг ердийн мэт хүлээж авдаг ард түмнийг монголчууд гэдэг…

Энэ адал явдлын дараа 2016.02.05-нд “Ирээдүйн өв сангийн тухай” хууль батлав. “Хүний хөгжлийн сан”-гийн новшийн хуулиа хүчингүй болгосон нь мэдээж хэрэг. Гэвч манай “Ирээдүйн өв сан” 1.7 их наяд гаруй төгрөгийн өртэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2018 онд 620 орчим тэрбум төгрөг хуримтлуулж өрөө даржээ.

Нэр нь солигдсон болохоос цаад “идэж уудаг”, “тарааж цацдаг” механизмыг нь өөрчлөөгүй учраас бүтэлтэй юм болсонгүй, болох ч учиргүй. 2016 онд баталсан “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн маш олон заалт буюу хяналтын хороо, зөвлөхийн баг, нэр дэвшүүлэх хороо, төрийн өмчит корпорац зэрэг бүтэц, институцийг одоо болтол байгуулаагүй байна.

Манайхан сан ярингуут л Норвегийг ярих. “Ай яа яа, Норвеги нефтийн баялгаасаа “лаг том” сан байгуулсан. Ингээд л хөгжчихөж байгаа юмшдээ… Манайх яг ингэж хөгжих ёстой байхгүй юу…” гэж мэдэмхийрэх…

Юуны өмнө “Норвегийн төрийн тэтгэврийн сан” нь бие даасан тусгай хоёр сангаас бүрддэг гэдгийг дурдъя. Энэ нь: “Төрийн тэтгэврийн – даяар сан” (хуучин нэр нь Төрийн нефтийн сан) болон Төрийн тэтгэврийн – Норвеги сан” (хуучин нэр нь Төрийн даатгалын сан) гэсэн тусгай сангууд болно. Нэрүүдийг будлиад байдаг болохоор үүнийг сануулж байна. Хэдийгээр тэтгэврийн сан гэдэг боловч бүхэлдээ нефтийн орлогоос бүрддэг. 2018 оны байдлаар тус сангийн хөрөнгө 1 трлн доллар хүрч, дэлхийн хөрөнгийн биржийн 1%, европын хөрөнгийн зах зээлийн 1,78%-ийг эзлэх аварга хэмжээнд хүрсэн юм.

Энэ болон бусад зарим тоо сонссон монголчуудын шүлс гоожиж Норвегчуудыг ямар ч ажил хийдэггүй атлаа жаргал нь хэтийдсэн хүмүүс гэж ойлгодог. Норвегийн энэ сан харьцангуй саяхан 1990 онд байгуулагдсан ба түүний зорилго нь: “Ирээдүй үеийхэндээ зориулсан тогтворжуулах нөөц” бүрдүүлэх байсан юм. Яг одоо “иднэ”, “тараана” гэж сан байгуулдаг улс Монголоос өөр байхгүй л дээ…

Норвегийн сангийн онцлог нь Засгийн Газар нь арвилан хэмнэх, ил тод байдлын зарчмаар сангаа удирддаг. Норвегийн дурын иргэн сангийнхаа гүйлгээг онлайн дэглэмээр шалгаж болдог. Асар их мөнгө хуримтлагдсан хэдий ч Засгийн Газар сангийн жилийн орлогын 4%-иас хэтэрсэн мөнгө зарцуулах эрхгүй.

Норвегичууд “иддэг” баялгаа хөдөлмөрөөрөө бүтээдэг, харин сангаа бол хуримтлуулдаг. Гэв гэнэт нефть дуусвал яах юм ?! Тэд “сан”-гийнхаа дийлэнх мөнгөөр Норвегийн бус, гадаадын компаниудад хөрөнгө оруулж, тэдгээрийнхээ ногдол ашгаар сангаа аривжуулдаг. Тэд алсыг харж, хойч үеийнхээ ирээдүйг бодож чадаж байна…

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.