Тээврийн зардлыг дөрөв дахин бууруулах Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам

УИХ-ын 2018 оны “Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Энэхүү тогтоолын хүрээнд Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолоор тус төслийн ажлыг эрчимжүүлсэн байна.

Үүнтэй холбогдуулан “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт” сэдэвт танилцуулга уулзалт өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө.  Энэхүү танилцуулга уулзалтыг Зам тээврийн яам, Уул уурхай,  хүнд үйлдвэрийн яам “Эрдэнэс-Тавантолгой”  ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн болон төрийн өмчит 17 байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банк, олон улсын санхүүгийн байгууллага болон БНХАУ-ын төмөр зам, дэд бүтцийн 8 байгууллага, ТББ компаниудын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 240 км төмөр зам барихад ямар төлөвлөгөө боловсруулж, хэрхэн ажиллахаар бэлтгэх, хөрөнгө оруулалтаа хэрхэх, хэнээс хөрөнгө босгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. 240 км төмөр замын бүтээн байгуулалт 28 сар үргэлжлэх урьдчилсан санал ирээд буй аж. Энэ хугацаанд 24 тонны даац бүхий төмөр зам, 16 гүүр, 126 хоолой, найман малын гарч барих аж. Хоёр өртөө таван зөрлөгтэй төмөр зам ажиглалтад орсноор жилдээ 30 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж, Таван толгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2,3 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгойн нүүрсийг уурхайн амнаас 70 ам.доллараар борлуулж байгаа бол төмөр зам ашиглалтад орсноор хил дээрээс 120-150 ам,доллараар борлуулах боломж бүрдэх юм. Мөн 1900 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ногдол ашигтай ажиллах тооцоо гарчээ.

УИХ-ын 73 дугаар тогтоолын дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг  барихад олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, компанийн өөрийн хүчин чадлаар бусад төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх үүргийг “Эрдэнэс таван толгой” ХК-д өгсөн. Нэг үгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлж, зохион байгуулах үүргийг “Эрдэнэс тавантолгой” ХК хүлээж буй юм.

Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг 
“Гурван том ажлыг эхлүүлсэн.

Хамгийн эхэнд  Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил цэрэг хүчний байгууллага, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор төлөвлөгөөний дагуу явж байна.  Үүний анхны хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн.  Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам тавигдсанаар Монголоос эцсийн бүтээгдэхүүн гурван гарцаар гарах боломж бүрдэнэ

Хоёрдугаарт Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Энэ төмөр зам бол стратегийн хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Өнөөдөр нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байна. Төмөр зам баригдсанаар найман ам.доллар болно. Энэ хэмжээгээрээ эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ. Энэ ажлыг Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор наймдугаар сарын 15-аас  эхлүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу компанийн бүтээн байгуулалтын ажлууд эхлээд явж байна.  2020 онд гэхэд 200 орчим км төмөр замыг тавихаар төлөвлөсөн.  Монголдоо хамгийн урт, хамгийн олон байгууламжийг нэгтгэсэн тус замын бэлтгэл буюу газар шорооны ажил дуусах шатандаа орсон. Манай компани уг төслийн анхны болон дунд шатны хөрөнгө оруулалтыг гаргах санхүүгийн чадамжтай болсон. Эхний ээлжинд манай компаниас 120 сая.доллар зарцуулах гэрээ байгууллаа.

Гуравдугаарт Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн параллель  авто зам барих ажлыг эхлүүллээ. Одоогоор нэг чиглэлийн  замаар жилд 17 сая тонн нүүрс тээвэрлэж байна. Үүнийг параллель  болгосноор стандартын шаардлага хангаж, орлого нэмэгдэж, жолооч нарын аюулгүй байдал хангагдана.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, суурь бүтэц ба хөдлөх бүрэлдэхүүн засварлах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон  холбогдсон цогц үйл ажиллагааг  хэрэгжүүлэх тусгай үүргийг “Таван толгой төмөр  зам” ХХК хүлээж буй.  “Тавантолгой-Гашуун  сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил”нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, 240 орчин км үргэлжлэн Гашуунсухайт боомт хүрэх юм.

Энэ талаар “Таван толгой төмөр  зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Одоогоор манай төсөл 280 сая ам.доллар зарцуулсан. “Эрдэнэс  Тавантолгой” ХК-иас 120 орчим сая ам.долларын хөрөнгө   оруулах хэлэлцээрийг саяхан баталсан. Ингэснээр нийт  400  сая ам.доллараар анхан шатны хөрөнгө оруулалтаа хийн, газар шорооны   ажлынхаа 85 хувийг гүйцэтгэсэн, бэлтгэл ажил үргэлжилж байна. Удахгүй инженеринг барилга угсралтын гэрээг хэрэгжүүлэх компанийг Засгийн газарт танилцуулна.  Компаниуд 24- 28 сарын дотор гүйцэтгэх саналаа ирүүлсэн” гэлээ. 

П.АНИР

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.