БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Гу Гуо Минийг шалгаж байна

Хятадын Үйлдвэр, худалдааны банк (ICBC)-ны Шанхай дахь салбарын удирдлага Гу Гуо Минийг намын сахилга бат, эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн, шалгаж байгаа тухай тус улсын Коммунист намын дэргэдэх Сахилга батыг хянан шалгах төв хорооноос Пүрэв гараг (06/VI)-т мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Сахилга батыг хянан шалгах төв хороо нь өнгөрөгч 4 дүгээр сард тус банкны Чун Чин хотын салбарын экс захирлаас мэдүүлэг авсан бол энэхүү үйл явдал нь дэлхийн хамгийн том хөрөнгийн зээлдүүлэгчтэй холбоотой хоёр дахь тохиолдол нь боллоо.

Гу Гуо Миний хувьд Шанхайн төлбөр тооцоо, клирингийн холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд түүнийг Шанхайн санхүүгийн салбар дахь хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг гэдэг юм.

Хятадын авлигатай тэмцэх байгууллага нь сүүлийн 5 жилийн хугацаанд санхүүгийн салбарт чиглэсэн эрс шийдэмгий, хатуу арга хэмжээг авч, хэд хэдэн яамны төвшний албан тушаалтныг баривчилсны дотор хамгийн шилдэг гэгдэх даатгалын болон үнэт цаасны зохицуулагч Сянь Жун Бо, Лю Ши Үй нар багтжээ.

БНХАУ-ын санхүүгийн салбар, тэр дундаа хувьцааны зах зээл 2015 онд хүндхэн асуудалтай тулгарч, гуравхан сарын дотор тухайн үеийн ханшаар 5 их наяд ам.доллар зах зээл дээрээс алга болж, банк хоорондын хууль бус бондын арилжаа зэргээс багагүй тооны төрийн албан хаагч, сангийн менежерүүд олон тэрбум юанийг халаасласан юм.   

2018 оны 8 дугаар сард төрийн өмчит компани болох Шанхайн нисэх буудлын дарга Ү Жян Руныг баривчилсан бол ийнхүү төрийн өмчит дахин нэг компаний удирдлага авлигын хэргээр мөрдөн шалгагдаж эхэллээ.

500,000 орчим ажилтантай, 4 их наяд гаруй ам.долларын хөрөнгөтэй Хятадын Үйлдвэр, худалдааны банкны тухайд Глобал-2000 жагсаалтад 7 жил дараалан “Дэлхийн хамгийн том зээлдэгч” гэх цол хэргэмийг хадгалсаар буй юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.