Л.Баттөр:Хэрвээ намайг хурдан очоогүй бол тэр хүмүүс бүгд живэх байсан

Гал, усны аюул гэдэг хэлж биш хийсч ирдэг гэж монголчууд ярьдаг билээ. Тиймээс ч гал, усанд ам гарч болдоггүй юм шүү гэж ахмад үеийнхэн хэлж ирсэн уламжлалтай.

Урин дулаан цаг ирэхээр Монголчууд аялал зугаалгаар явахдаа усанд осолдох эрсдэл их гардаг. Хайртай гэр бүлээрээ явж байгаад усанд живсэн тохиолдол ч бий.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэр Тэрхийн цагаан нууранд хоёр гэр бүлийн нийт долоон хүн завьтайгаа хөмөрч осолдож, дөрөв нь амьд үлдэж, гурав нь амиа алдсан харамсалтай хэрэг гарч, тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд өнгөрч байсан.

Тэгвэл тухайн үед хоёр эмэгтэй хоёр хүүхдийг эсэн мэнд аварсан эгэл жирийн моторт завьчин залуу Л.Баттөртэй ярилцлаа. Түүний хувьд Тэрхийн цагаан нуурын хөвөөнд 2000 оноос эхлэн гэр бааз байгуулж, моторт завь ажиллуулж байгаа нэгэн.



Тэрбээр “Тухайн үедээ цаг алдалгүй дөрвөн хүний амь аварсан хэмээн үнэлэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл шударга журам гэсэн медаль аваагүй юм байна. Хүний хөдөлмөр юм даа. Өөрийгөө ийм медалиар үнэлүүлэх юмсан. Өөрсдийг нь аварсан тэр хоёр эмэгтэйтэй хоёр хөөрхөн банди байсан, тэд нартай уулзчих юмсан” гэж бодож явдаг талаараа хөөрөлдсөн юм.

“Шударга журам” медаль хэрхэн яаж олдог талаар сураглахад, шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулдаг юм байна.

-Таныг 2015 онд Тэрхийн цагаан нууранд завьтайгаа осолдсон гэр бүлийн хүмүүсээс дөрвийг нь аварсан гэж сонссон. Яг хэдэн сард болсон хэрэг вэ?

-Наймдугаар сар гарчихсан байсан юм. Би орой нууран дээр завиар явж байгаад гэрийнхээ гадаа ирж бууж байх үед утсанд дуудлага ирсэн. Үл таних дугаараас “Хүмүүс орилолдоод байна. Нууранд хүмүүс осолдчих шиг боллоо, авраач” гэсэн. Тэгээд дуудлага аваад байгаа газрыг нь заалгаад хурдан гэгч завиа хөдөлгөж, буцаж эргэсэн дээ. Тэгээд завь осолдсон газар ирэхэд хоёр том хүн, хоёр хүүхэд бие биенээсээ зууралдаад орилдоод усны мандалд нэг хөвж, нэг далд орж гарч ирээд байсан. Хоёр хүүхдээ тэвэрсэн ээж нар байсан юм билээ.

Тэд бол ус залгиад бүр хэцүүдсэн шоконд орсон байдалтай байсан. Хоёр хүүхэд нь арай гайгүй. Гурван эрэгтэй нь завьтайгаа осолдсон. Намайг очиход завь  усаар дүүрээд нуурын гүнд живчихсэн байсан. Тухайн үед нуур нэлээн ширүүн давалгаатай байсан. Тэр хоёр эмэгтэй аврах хантааз өмссөн тулдаа амьд гарсан. Хоёр хүүхдээ тас таварчихсан хантаазтай нуурын усан дээр дэн дун тогтож байсан.

-Тухайн үед хүмүүс нууранд осолдлоо гэж ямар хүн танд дуудлага өгсөн бэ?

-Тэрхийн цагаан нуурын зах дээр манайх руу ордог замд “Моторт завь ажиллаж байна” гэсэн зар бичсэн мод байдаг. Тэрэн дээр миний утасны дугаар байдаг юм. Тэр дугаарыг харсан хүн дуудлага өгсөн юм билээ. Дуудлага өгсөн хүнийг бол танихгүй.

-Осол юунаас болж гарсан юм бол?

-Жолоодож явсан хүн нь ямар ч мэдлэггүй, сургалтгүй хүн байсан юм билээ. Завь нь ч хувийн завь байсан юм билээ. Ямар ч баталгаагүй гэсэн үг. Осолдсон гурван эрэгтэйн хувьд хантааз өмсөөгүй юм билээ. Тэгэхээр шууд живнэ л дээ.

-Осолдсон хүмүүсийг аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврагчид ирж гаргасан гэлүү?

-Тийм. Би суманд байсан эхнэр рүүгээ дуудлага өгөөд, сумаас аймаг руу дуудлага өгсөн юм билээ. Тэнд байсан хүмүүс “Дахиад гурван хүн байгаа авраад өгөөч” гээд гуйгаад байсан би осолдсон цогцосуудыг яаж гаргаж чадах уу. Амьд байгаа дөрвийгөө аюулгүй түргэн шуурхай аварсан. Хэрвээ амьд байгаа дөрөв аймгаас онцгой байдал ирэхийг хүлээж, өөр хүмүүс аварч чадахгүй байсан бол мөн живэх байсан. Манай сум аймгаас 160 км газар ирэх гэсээр байтал 2-3 цаг болно шүү дээ. Осолдсон хүмүүсийг гаргаж авахад аймгийн онцгой байдлын хэлтсийнхэнд би моторт завиа өгч ашиглуулсан. Хүмүүсийн амь насыг аварсан гэдгийг уг нь мэдэж байгаа.

-Тухайн үед дөрвөн хүний амь нас аварсан гээд сум, аймаг орон нутгаар нь дамжуулж шударга журам медаль олгоогүй юу?

-Аваагүй. Тухайн үед тэр хүмүүсийг авраад сумаас түргэн тусламж ирээд аваад явсан. Хүмүүсийн амь нас аварвал шударга журам медаль олгодог гэж хүмүүс ярьж байсан. Сумаас хөөцөлдөж олгоё ч гэж хэлсэнгүй. Би бас яаж авдаг учраа ч олсонгүй. Тухайн үед энэ мэдээллийг олон нийтийн сүлжээгээр явуулсан бол авчих байсан юм болов уу гэж бодогддог.

-Хоёр хүүхэд нь хэд орчим насны хүүхдүүд байсан бэ?

-Нэг нь зургаатай, нөгөө нь наймтай гэсэн байх шүү, хоёр хөөрхөн банди байсан. Ээж нараасаа таг зуурчихсан уйлалдаад байсан. 

-Эргээд тэр аварсан хүмүүстэйгээ холбоо барьсан уу?

-Тухайн үед туслаад өнгөрсөн болохоос эргээд холбогдоогүй. Тэр хүмүүсийг эмнэлгийн тэрэг аваад явсан. Шоконд орсон хоёр ээж юун баярлалаа энэ тэр гэх ч сөхөөгүй явсан даа, хөөрхий. Хоёр хөөрхөн банди байсан. Тэдний амьд явах заяа түшсэн дээ. Одоо хаана юу хийдгийг бол мэдэхгүй. Гэхдээ л хань ижлээ, аавыгаа алдсан хүүхдүүдэд ямар олиг байх билээ дээ. Миний ганц чанар бол хүнд туслах. Хүнд тустай явах юм бол миний ажил бүтнэ гэж боддог.

-Урин дулаан цаг ирлээ. Зун хүмүүс амралт аялал зугаалгаар их явдаг. Амрагчдад хандаж юу хэлэх вэ?

-Олон жил моторт завь барьсан болохоор нуурынхаа ааш аягийг андахгүй. Би амрагчдад хандаж аль болох цаг агаараа хар. Хийлдэг гудас, завиар хамаагүй тоглож болохгүй шүү. Дураараа байвал осолдох, эндэх, живэх аюултай. Ялангуяа манайхан хүүхдүүдээ хийлдэг завин дээр суулгаад нууранд оруулаад орхидог. Их аюултай. Гэнэт хүчтэй салхи гарвал нуурын гол руу хийсээд явах тохиолдол зөндөө бий.  


О.Гэрэл


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Нийт 4 сэтгэгдэл оруулсан байна
  1. Зочин ...
    2019-04-11 11:37

    Сум орон нутаг сайн дэмжээд тодорхойлоод өгдөг бол авна даа хүмүүний алтан амь аврах хамгийн сайхан тус

  2. Бямбадагва
    2019-04-11 13:23

    Тухайн жил нь Төрөхдөө энэ шагналыг олж өгөх ид бас л элдэв бичиг тодорхойлолт гэсэн юм. Осолд орсон хүмүүстэй холбогдож, баримт нотолгоог өгөөч гэж 2,3 удаа холбогдсон ч сураггүй болсон юм. Тэр үед стресстэй бсныг үгүйсгэхгүй. Шагналыг одоо ч хөөцөлдөөд оролцохгүй. Шагнах ёстой юм шүү

  3. Зочин ...
    2019-04-11 15:42

    Mundag shu ah

  4. Зочин ...
    2019-04-11 15:49

    mundag ah shvv

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.