16 ДАХЬ УДААГИЙН МӨСНИЙ ЗАГАСЧЛАЛЫН ДАШТ-ИЙ СОНИН САЙХНААС

 

16 дахь удаагийн Мѳсний загасчлалын ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчдын сэтгэгдлийг хуваалцаж байна.

 

 

Манайдаа чансаагаараа тэргүүлж байгаа нилээн хэдэн тамирчдад санал тавьсан боловч татгалзсан хариу авч эцэст нь бидний таван залуу он гарахын өмнө буюу 12-р сарын 31-ний ѳдѳр оролцохоор шийдээд мэдүүлгээ илгээж, тэмцээндээ амжилттай сайхан оролцоод ирлээ. Энэ жил 15 орны баг тамирчид ѳрсѳлдсѳнѳѳс манай баг 13 байранд оров.

 

 

Биднийг Болгарийн Софи хотоос 148 км газарт байрлах Широка Полянка нууранд очиход Орос, Латви, Америк, Монгол гэсэн дѳрвѳн орноос бусад бүх орны багууд ирчихсэн, зарим нь бүр тус нууран дээр гарааны тамирчдын сорилго явуулсан байдалтай бэлтгэлдээ гарсан байлаа.

 

 

Болгар улс гурван зүйлээрээ алдартайн нэг нь халуун рашаан буюу бидний тэмцээн болсон нуур аж. Энэ нууран дээр өмнө нь Финландын багийн гишүүдээс гэр бүлээрээ ирж амарч, сувилуулж байснаа ярьж байлаа. Тэмцээн болох нуур Батакаас солигдож Широка Поляна руу шилжих тэр үед бүх багууд тѳлѳѳллѳѳ явуулсан нь их учиртай байсныг тэмцээний үеэр л мэдэж авцгаав. Нуур доороосоо хүчтэй оргилсон ундаргуудтай байв.

 

 

Тэмцээн туйлын хүнд нѳхцѳлд болж ѳнгѳрснийг манай загасчид мэдээллийн хэрэгслүүдээс олж мэдсэн байх. Миний оролцсон зургаан ДАШТ-ээс хамгийн хэцүү нь энэ байв. Буудлаас нуур орох 38 км замыг ѳглѳѳ бүр очих гэж 2 цаг, орой бүр буцах гэж 2 цаг, зарим үед мод унаж зам хаасан үед 5 цаг ч туулж байлаа. Нойтон цас орж мөсөн дээр арваад см зузаан устай байсан тул өдөр бүр хувцас норж, гутал дотор ус орж хѳл хайран багуудын тамирчдын хоолой ѳвдѳж ханиалгах энүүхэнд байлаа.

 

 

Зарим багуудын ДАШТ-д хэрхэн бэлтгэж, оролцсон талаар цухас дурдъя:

#Литвийн баг. Тэмцээний нууран дээр 21 хоногийн ѳмнѳ очсон энэ багийн бэлтгэл үнэхээр илт сайн байлаа. Нийт 15 хүний бүрэлдхүүнтэй. Тамирчин тус бүрд хоёр координатор зооны хоёр талаас зааварлаж байсан ба тэд загасны гүйдлээ нарийн тооцолсон нь илэрхий байв.

 

 

 

#Украйны баг. Тэмцээний нууран дээр 14 хоногийн өмнө очсон украйнчууд гарааны тамирчдын сорилгоо тус нууран дээр хийсэн. Энэ удаагийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн тэд хаалтын ёслолын ажиллагаан дээр "Бид энд ирж 14 хоног бэлтгэл хийгээд хүссэн үр дүндээ хүрч чадсангүй" гэж ярьж сууж байв. Дэлхийн чансааг тэргүүлж байгаа Зайко тэмцээний явцад маш их сандарч алдаа гарган хоёр удаа "шар картаар" торгуулсан боловч багийн дасгалжуулагч ѳргѳдѳл бичин байж нэгийг нь тооцуулалгүй ѳнгѳрч тэмцээнд нь бүтэн оролцуулсан.

 

 

 

#Беларусийн баг. 2014 онд Беларусь улсад болсон ДАШТ-ий дараа Оросын шигшээ багаас үл ойлголцлын улмаас хасагдсан Дечьянко болон Шорсоор ахлуулсан Беларусийн баг энэ удаа багийн хуучин дасгалжуулагч Саша Розиныг хүртэл тамирчнаар суулгаж оролцов. Тэд тактикаа эрт боловсруулсан нь харваас илт байв. Беларусь улсын далбааг нѳмѳрсѳн орос тамирчин Дечьянко хаалтын ажиллагаан дээр нулимс дуслуулан оросуудтайгаа тэврэлдэж байсан нь спортын ѳрсѳлдѳѳн хэр удаан үргэлжилдгийг харуулж байлаа.

 

 

#Финландын баг. Багийн дасгалжуулагч гэр бүлийн хамт Широка Поляна нуурын рашаанд ирж амарч байсан ба ДАШТ-ий нуур өөрчлөгдөх үед 3 тамирчнаа Болгар руу илгээсэн байв. Тэдний дундаас анх удаа оролцож байгаа нэгэн залуу тамирчин хувийн дүнгээр медальт байр эзлээд буцлаа.

Бусад орнуудын хувьд дуулгах сонин хачин их байгаа боловч ингээд түр завсарлая.

 

ДҮГНЭЛТ


Манай баг тамирчид улсаа тѳлѳѳлѳн тасралтгүй долоон жил оролцож байна. Багийн гишүүдээс сүүлийн гурван жил ДАШТ-ийг ѳѳрийн орондоо зохион байгуулах сонирхлоо илэрхийлсээр байгаа бѳгѳѳд энэ тэмцээнээр FIPSed-ийн удирдлагуудад мөн л энэхүү мѳрѳѳдлѳѳ уламжлаад авлаа. Бидний мөрөөдөл ойрын жилүүдэд бүтэх байх гэж найдсаар л байна. Бид тэр болтол ДАШТ-дээ оролцсоор, хичээсээр байх болно. Манай баг тамирчид сүүлийн жилүүдэд асар хурдтай сайжирч байгаа хэдий ч бидэнд дасгалжуулагч, менежер, координаторууд, сэлгээ тамирчдаас бүрдсэн бүтэн багаар оролцох нѳхцѳл, боломж тѳдийлѳн бүрдээгүй байна. Бидэнд зөвхөн үндсэн тамирчнаар оролцохоос бусад үүрэгтэй багийн гишүүд зайлшгүй хэрэгтэй байна.

 

 

Та бүхэн минь биднийг явах бүрд урам зориг өгч амжилт хүсч суудагт бид маш их баяртай байдаг. Харин та бүгдийхээ итгэлийг дааж чадахгүй байгаадаа #Айс_Тйимийн залуусын ѳмнѳѳс маш том хүлцэл эрж байна. Бид ДАШТ-ийг Монголдоо зохион байгуулах хүртлээ оролцоод, зүтгээд, шаралхаад явахаас ѳѳр сонголтгүй болсон.

 

Ирэх жил 2020 онд Литвийн мѳсѳн дээр даагаа нэхнэ ээ.

Гүнээ хүндэтгэв.

                         хэмээн Монгол улсаа төлөөлөн Мөсний загасчиллын ДАШТ-ий 16 дахь тэмцээнд оролцсон багийн гишүүн бичжээ. 

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.