Ардын нам “60 тэрбум”-аа үлдээвэл 2020 онд сөнөнө

 

Нийслэлийн МАН-ын Бага хурал энэ сарын 21-ний баасан гаригт болно. Тус хурлаас Нийслэлийн МАН-ын шинэ дарга тодорно. Өөрөөр хэлбэл,  энэ хурлаар эрх баригч МАН “60 тэрбум” гэдэг бэтэгнээсээ салах уу, үлдээх үү гэдгээ шийдэх юм.

Одоогоор Нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө гурван хүн нэр дэвшихээр яригдаад байна. Тэдний нэг нь Хотын фракц буюу МАН-ыг нийгэмд муухай харагдуулах болсон “60 тэрбум”-ынхны төлөөлөл ажээ.

Хотын фракц энэ Бага хуралд онцгой анхаарал хандуулж, Бага хурлын төлөөлөгчидтэйгээ “тулж харьцах” тактиктай хэд хоногийн турш үзэж байгаа юм байна.

Үр дүнд нь “Мөнгө тараалаа” гэдэг хэл ам гарч байх шиг байна. Цагдаагийн байгууллагад ч гомдол очжээ. Бас Нийслэлийн МАН-ын Хяналтын хороонд ийм агуулгатай албан бичгүүд очих болсон байна.

 

Үүнээс гадна Хотын фракцынхан нэгэн зочид буудалд уулзалт зохион байгуулсан талаар зарим эх сурвалж мэдээлсэн байна. Уулзалтынхаа үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Хэрвээ бид нийслэлийн МАН-ыг авч чадахгүй бол хорин хэдэн болсон фракцаа нураалгаж, үүрээ эвдүүлнэ гэсэн үг. Та нар ер нь юманд оролцохгүй байна. Энэ удаа алдвал бүгдийг алдана гэдгийг ойлгож байна уу. Хүрэлсүх нүүр буруулчихлаа. Хэлсээр байтал Америк явчихлаа.

 

Есөн дүүргийн зургаа нь нөгөө талд байна. Баянзүрх, Баянгол, Сонгино, Сүхбаатар, Налайх, Багахангай нөгөө талыг дэмжиж байна. Тэд “60 тэрбум”-аас салах ёстой гэсэн нэг бодлого дээр нэгдээд байна” хэмээн бухимдсан тухай мэдээлжээ.

Ер нь л Хотын фракц энэ Бага хурал руу хамаг анхаарлаа хандуулж байгааг олон үйл явдал,  мэдээллээс харж болохоор байна.

 

МАН-ын хувьд хамгийн гол нь 2020 оны сонгуульд ялалт байгуулах нь чухал. Харин энэ удаагийн Нийслэлийн МАН-ын Бага хурал угтсан үйл явдлуудаас харахад энэ тухай бодож байгаа хүн алга. Гэтэл МАН энэ Бага хурлаар л “60 тэрбум”-аасаа салах уу, үлдээх үү гэдгээ шийдэх болчихоод байна хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Хэрвээ ингэж чадахгүй бол Ардын нам 2020 оны сонгуульд навс ялагдаж, “сөнөнө” гэж улс төрийн хүрээнд ярьж байна.

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.