21 ДЭХ УДААГИЙН “TOUR de MONGOLIE” ОЛОН ХОНОГИЙН ДУГУЙН УРАЛДААН БОЛНО

 

21 дэх удаагийн "TOUR de MONGOLIE" энэ жил анх удаагаа ЧИНГИС хот хүртэл UNDER-23 буюу Залуучуудын ангилалаар зохиогдох гэж байна.

Энэхүү уралдааны талаарх мэдээллээс та бүхэнд хүргэе.

Монголын олон өдрийн тэмцээн анх 1965 онд зохиогдож, 1964 оны Токиогийн олимпийн наадамд Монголын дугуйчдаас  анх оролцсон ОУХМ Я.Баатар ялагч болж байжээ. Үүнээс хойш 1970-79 онуудад тогтмол зохиогдож байгаад удаан хугацаагаар 22 жил завсарласны эцэст 2001 оноос дахин сэргэж зохиогдон энэ жил 21 удаагаа зохиогдох гэж байна.  

 

Монголын олон өдрийн тэмцээнд хамгийн олон буюу 3 удаа түрүүлсэн тамирчдыг дурьдвал:

 

1. ОУХМ Ш. Жамбал        “Замчин нийгэмлэг             /1972, 1974, 1976 онуудад/

2. С/М Г.Ганболд                “Алдар” нийгэмлэг             /1977, 1978, 1979 онуудад/

3. МУГ Тамирчин Ж.Өлзий-Орших “Төв зам” клуб     /2001, 2002, 2003 онуудад/

 

Сүүлийн 2017 оны 20 дахь Олон өдрийн тэмцээнд анх удаа 17-18 насны залуучуудын ангилалаар зохиогдож, СХД-ийн залуу тамирчин с/м С.Аюуш-Очир түрүүлэв.

Эмэгтэйчүүдийн уралдаан нь 2013 оноос эхлэн хамт зохиогдох болсон ба энэ жил 6 дахь удаагаа зохиогдох гэж байна.

Олон өдрийн тэмцээн 2018 оны 8-р сарын 05-аас 8-р сарын 12 ний өдрүүдэд “УБ – Налайх – Багануур – Цэнхэрмандал  – Чингис хот – Цэнхэрмандал – Багануур” гэсэн чиглэлээр нийт 8 өдөр зохиогдож 8 гараа уралдаж 730 км замыг туулна.

Уралдааныг зохион байгуулах замын маршрут

 

Эмэгтэйчүүдийн хувьд Элит ангилалаар зохиогдох ба 17-18, 15-16 насны ангилалын тамирчид оролцож болно!

Энэ жил 21 дахь удаагаа зохиогдох “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie”  тэмцээнд 10 багийн 50 гаруй тамирчид оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.

 

Олон өдрийн тэмцээний онцлог бол өргөн уудам газар нутгийг хамарч тамирчидын тэсвэр хатуужил, авхаалж самбаа, хурд хүчийг сорихоос гадна дугуйн спортыг олон нийтэд таниулж улмаар түгээн дэлгэрүүлж чаддагаараа онцлог юм.

 

Үүний сацуу тэмцээн маань жил бүр өөр өөр чиглэлд зохиогдож дугуйн спортыг Монголын өнцөг булан бүрт хүргэж сурталчлах эрхэм зорилготой ба энэ жил мөн анх удаагаа зүүн зүгт Хэнтий аймгийн төв Чингис хот хүртэл уралдах гэж буйгаараа онцлогтой болж байна.

 


 

  • 8 сарын 05 Пролог /Буянт-Ухаа спорт цогцолбор/ 10 км 
  • 8 сарын 05 I Этап /Улаанбаатар – Налайх/ 60 км
  • 8 сарын 06 II Этап /Налайх– Багануур/ 90 км 
  • 8 сарын 07 III Этап /Багануур критериум/ 50 км
  • 8 сарын 08 IV Этап /Багануур – Цэнхэрмандал/ 130 км
  • 8 сарын 09 V Этап /Цэнхэрмандал – Чингис/ 120 км
  • 8 сарын 10 нд Амралтын өдөр Чингис хот
  • 8 сарын 11 VI Этап /Чингис – Цэнхэрмандал/ 120 км 
  • 8 сарын 12 VII Этап /Цэнхэрмандал – Багануур/ 150 км

 

Нийт: 730 км зам туулна
 

Сүүлийн жилүүдэд Монгол улсад дугуйн спорт эрчимтэй хөгжиж буйн тод жишээ нь дугуйгаар хичээллэх залуус, хүүхдийн тоо эрс нэмэгдэж сонирхогчдын клуб, тамирчид Монголын дугуйн спортын холбооноос зохиодог тэмцээн уралдаанд амжилттай оролцох болсон нь Монголын олон өдрийн тэмцээнийг Залуучуудын ангилалаар зохиох зайлшгүй шаардлагатай болсон юм.

 

Олон улсын дугуйн холбоо “UCI” Монголын олон өдрийн тэмцээнийг байнга дэмжиж ажилдаг бөгөөд 2019 оноос Олон улсын тэмцээн болгон зохиохоор төлөвлөн ажиллаж байна. 

 

Олон өдрийн тэмцээнийг Монголын үндэсний телевизийн Спортын сувгаас нэвтрүүлэгч дагалдан сурвалжилж тэмцээний явц, үйл явдлын талаар сонирхолтой нэвтрүүлэг хийж Спортын сувагтай бүхий л телевизүүдээр нэвтрүүлж сурталчлах гэж буйгаараа онцлог болох юм.

 

Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдийн хамгийн том нэр хүндтэй тэмцээн болох “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээн энэ онд 21 дэх удаагаа “БАГА НУУР” ХК-ийн ивээл дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.

 

Уралдаанд оролцох нийт ДУГУЙЧИДДАА амжилт хүсье.

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.