ЭМЯ-наас Үндэсний хэмжээний Молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгууллаа

ЭМЯ-аас Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нөөцийг зөв зохион байгуулж, ашиглах замаар хүний нөөцийг чадавхижуулах, бэлэн байдлыг хангах зорилготой PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж,  өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс оролцож,  молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

УНТЭ-ийн тус лабораторид ЭМЯ-ны болон Азийн Хөгжлийн Банкны 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул биологийн лабораторийн 5 иж бүрдэл аппарат, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт  нийлүүлэгдэж, ашиглахад ийнхүү бэлэн болоод байна.


Түр лабораторид 32  эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3 ээлжээр ажиллахаар бэлэн байдлаа хангаад байна. Үүнд: Орон нутгийн нийт 14 эмч, лаборант нар Архангай, Увс, Говьсүмбэр, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудаас ирээд сургалтад хамрагдаж байна. УНТЭ-ээс нийт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллахаар төлөвлөсөн. Орон нутгийн болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд байрлах байр, хоолны  зардлыг ЭМЯ бүрэн хариуцаж, анхаарч байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн  шинжилгээг 30,720  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.
 
Хөдөө орон нутагт 7 байршилд  (Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд) нийт 9 PCR аппарат, 2 нуклейн хүчил ялгагч аппараттай молекул биологийн шинжилгээг 24 цагт 2928 сорьцод, 4-өөр багцлан шинжлэхэд 11,712  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори тус тус ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд коронавирусийн голомтууд хумигдаж, өдөрт илрэх ковидын тохиолдлын тоо бага байгаа боловч хамгийн эрсдэлтэй цаг үеийг тооцоолон бэлэн байдлаа ханган ажиллаж байна.


УНТЭ-ийн түр лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 цагт 960, 24 цагт 1920, 4-өөр багцалж шинжлэхэд 7680 шинжилгээ хийх боломжтой бөгөөд хоногт 38,400 молекул биологийн шинжилгээ хийснээр УБ хотын хэмжээнд хийх PCR шинжилгээний хүчин чадал 25%-иар нэмэгдэх юм.
 
Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.