Хийн хоолой байгуулахад шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлж байна

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал
хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан
байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан
ойлголцолд хүрсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн
газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар
талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус
тус байгуулахаар ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох
яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн
газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал
П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав. Санамж бичигт
Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг
боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг
хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг
шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна.