Нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан 06 дугаар сарын 12-ны өдөр болж өнгөрсөн. Тус хуралдаанаар Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар саналыг хэлэлцсэн юм. Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэл хотод иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох, иргэн хуулийн этгээдийн барьж буй барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэлт орчин үүсгэсэн нөхцөл байдлыг тогтоож зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг өгөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн 05 дугаар сарын 16-ны өдрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа. Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажлын 20 өдөр ажиллалаа. Энэ хугацаанд Нийслэлийн хэмжээнд барилгын орчны стандартын зөрчлийг илрүүлэн арилгах арга хэмжээг авч ажилласан юм. Үүнээс 441 байршилд стандартын шаардлага хангаагүй хашааг илрүүлж, 252-г нь шинэчлүүлж аюулгүй байдлыг хангуулсан байна. Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 хашааг албадан буулгалаа. Тодруулбал, ХУД-ын нутаг дэвсгэрт 45 хашааг солиулж шинэчилсэн бол БЗД 26, ЧД 28, СХД 38, СБД-т 62, БГД 45, Налайх 2, Багануурт 6, Багахангайд 2 хашааг тус тус шинэчилж иргэдийн аюулгүй байдлыг хангуулжээ. Түүнчлэн цахилгаан шугам сүлжээний 261 шонг тагжуулах ажил хийгдэж, эмх цэгцгүй шилэн кабелуудыг цэгцлэх албадан буулгах ажлыг зохион байгуулсан бол онгорхой стандарт бус худгийн тагны 212 зөрчлийг илрүүлэн 95-г нь тагжуулсан байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайд 349 эрсдэлийг илрүүлэн, 125-г нь аюулгүй болголоо. Одоогоор нийслэлд газрын эрхийг цуцлах 20 байршлын санал гаргаж, бүтээн байгуулалтын ажлуудад хотын стандартын бичиг баримт болох 630 төсөл арга хэмжээнд хяналт тавьж тогтоон, гүйцэтгэлийн ажлыг хийж байгаа гэдгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам хэллээ. Харин Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ: Богино хугацаанд амжилттай үүрэг даалгаврыг хэрэгжүүлсэн байна. Гэвч цаашид бүх дүүрэгт зайлшгүй хийх ёстой олон ажил байна хэмээлээ. Тэгвэл НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Д.Гантөмөр нар албадан буулгах буулгах обектуудыг тодорхой болгож Нийслэлийн Засаг даргад танилцуулж, үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцолсон юм. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр өгсөн дээрх үүрэг даалгаварт олон нийт сайшаалтай, дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа. Тиймээс ажлыг цаашид үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийн албаныхан онцлон хэллээ.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.