Орвог гашууны бор толгойд “ТОКИО-2020”-ийн бамбар аялуулав

Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.
  Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын 1 тоот хилийн баганаас эхэлсэн аян энэ удаа өмнийн шаргал говьд үргэлжлэв. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй баг хамт олон Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Орвог гашууны бор толгойд Монгол Улсынхаа төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдынхаа аз хийморийг даатгалаа. Тус үйл ажиллагааг дэмжин оролцсон ХХЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн, дэд хурандаа В.Хундгаа захирагчтай, хошууч Л.Алтангэрэл штабын даргатай Цэргийн гавьяаны одонт хилийн 0131 дүгээр анги, тус ангийн ахмад А.Гэрэлмөнх даргатай хилийн 0247 дугаар салбар буюу Цагаан дэрсний застав, ахмад Н.Үенчийн удирдсан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдэд зохион байгуулагчид гүнээ талархсанаа илэрхийлэв. Тоот өндөрлөг рүү дөхөн очих үед ахлагч Н.Цэрэн-Очирын удирдсан хилийн манааныхан биднийг угтан авч, Монгол Улсын дархан хил тайван байгааг дарга нартаа илтгэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлж билээ.

  Далай орны минь дархан хилийн 652 тоот баганад Олимп-спортын зүтгэлтнүүд, Хил хамгаалах байгууллагын төлөөлөл хүндэтгэл үзүүлж, “Токио-2020” бамбарыг Хилийн цэргийн хөнгөн атлетикийн тамирчин Д.Урандэлгэр бүсгүй залж, Монгол Улсын төрийн далбааг ахлах ахлагч Б.Ганзориг мандуулав. Тус багана байрлах Номгон сум нь Монгол орны сумуудаас хамгийн өмнө этгээдэд оршино. Харин тус сумын Дэрсэнэ ус баг мөн л улсынхаа багууд дундаа онцгойрч, Цагаан дэрсний застав ч бас өнгөлнө. Эдгээр сум, баг, застав, хилийн манаа, хилийн багана бүгдээрээ 42 дугаар өргөргөөс урагш оршдгоороо Монгол Улсдаа өөр өрсөлдөгчгүй гэж хэлж болох.

  Хил хамгаалах байгууллагын таван удаагийн аварга, Хилийн цэргийн 0131-р анги нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 240 гаруй хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа гурван жилийн өмнө Цэргийн гавьяаны одон хүртжээ. Тэртээ 1933 оноос өнөөг хүртэл дархан хилээ манах эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж, өнөө цагийн хилийн алба, хил хамгаалах байгууллагыг цогцлоож, тусгаар улсынхаа торгон хилийг аньсага үл цавчин хамгаалж ирсэн үе үеийн эрхэм хүндэт хилчид энэ ангиар овоглодог. Хилийн цэргийн ууган ангийн нэг 0131 дүгээр ангийнхан 87 жилийн түүхэндээ долоон генерал, 37 хурандаа төрүүлэн гаргасан гэнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.