Тэрбумаар нь тендер авдаг С.Бямбацогтын “мафийн сүлжээний” гишүүн төрийн тендерүүдийг атгаж байна

Ерөнхий сайд аа, “чононд хонь хадгалуулах”-ын үлгэр болж байгаа юм биш үү


Ерөнхий сайдын У.Хүрэлсүх “Шударга ёсыг тогтооход төрийн албан хаагчдын оролцоо чухал” гэж байснаа бодит амьдрал дээр эсрэгээр нь хэрэгжүүлдэг нэгэн гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харав.

Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газраас тендер зувчуулсан хүн өдгөө өөрийнх нь кабинетад тендерийг багцаар нь атгачихаад сууж буйг хэвлэлүүд баримт нотолгоотой нь хангалттай мэдээлсэн ч шударга ёсын туйл болсон Ерөнхий сайд маань мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн нь түүний үнэн мөн чанарыг илчилчхэв.

Учир нь ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан өмнөх Засгийн газрын үед Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа багийн найз УИХ-ын гишүүн С.Бямбацогттой хамтран тендер зувчуулдаг байсныг хэвлэлүүд ил болгосон юм.

Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд Эрчим хүчний яамнаас ЭХЯ/201700007 дугаартай “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх” тендерийг зарласан байдаг. Тендерийн нийт төсөвт өртөг нь 13.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 4.5 сая ам.доллар. Энэ хэмжээний тендерийг баргийн аж ахуйн нэгж, гүйцэтгэгч компани авч чадахгүй. Гэвч “мөнгөө төлсөн бол хөгжмөө захиалдаг” гэгчээр тендерийн шалгуур үзүүлэлтүүд нь хууль зөрчсөн байсныг тухайн үед анзаарсан хүн ховор. Угтаа ЭХЯ-наас Төрийн бичгийн дарга З.Мэндсайхан нь найз УИХ-ын гишүүн С.Бямбацогтынхоо эзэмшлийн “Алтай трейст” ХХК-г захиалсан “шалгуур” бүхий тендер зарлах тушаал гаргасан байгаа юм.

Тухайлбал, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээг шаардахгүй, сүүлийн гурван жилд ижил төстэй ажлын өртөгтэй ажил хийсэн эсэхийг огт хамаагүй, шаардлагагүй зэрэг шаардлагатай бүхий тендерийг хуульд заасан хамгийн бага 33 хоногийн хугацаатай зарласан байна. Ийм хууль зөрчсөн нь илэрхий тендерийг Сангийн яамныхан хяналгүй, шалгаруулалтыг нь хүлээн зөвшөөрчээ. Үндсэндээ УИХ-ын гишүүн С.Бямбацогтын захиалгаар түүний багын найз, нэг нутгийнх нь З.Мэндсайхан нь тендерийн төсөл бичүүлж, Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэнгээр батлуулан тендерээ зарлаж “Алтай трейст” ХХК-г ялуулсан гэсэн үг.

Гэтэл үүнийг өнөөг хэр нь ойшоож, харсан хуулийн хүрээнийхэн огт алга. Тиймдээ л З.Мэндсайхан нэр цэвэр мэт дараагийн Засгийн газартаа хүчин зүтгэж байгаа нь энэ. Тэгээд бүр болоогүй ТӨБЗГ-ын даргаар томилогдсон. Харин энэхүү албан тушаалд очсоноор тэр тендерийг ёстой л баруун, солгойгүй зувчуулах боломж нь нээгдчихлээ УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед түүний талаарх иймэрхүү мэдээлэл зарим нэг хүмүүсийн гарт орсон сураг ч дуулдаж байв.

Тухайлбал,ТӨБЗГ-аас зарим чиг үүргийг нь салгаж, Худалдан авах ажиллагааны бие даасан агентлаг байгуулах тухай гуравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдсан. Гэвч өнөөг хүртэл тэрхүү шинэ агентлагаа байгуулаагүй ТӨБЗГ-ын мэдэлд төрийн ихэнх худалдан авалттай холбоотой тендерүүд байсаар байна. Тэгэхээр сурсан занг сураар боож болдоггүй гэгчээр З.Мэндсайхан хэнд, ямар тендер өгөхийг харин ч тухтайхан шийдэх боломжтой болсон гэсэн үг.

Хууль зөрчигчдийг төрд ажиллуулахгүй хэмээн шударгын “туйл” мэт том дуугардаг Ерөнхий сайд чухам яагаад өмнөх засгаас нь “хумсалсаар” ирсэн хэмээн хэвлэлээр цоллогдож буй З.Мэндсайханд итгэл үзүүлж, төрийн өмчийг атгуулчихаад байгааг нь таахад тийм ч хэцүү биш. Цаад учир шалтгаан нь ч ойлгомжтой гэсэн үг.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар З.Мэндсайханыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжлэг, түлхээрээс албан тушаал ахиж яваа гэдэг нь оргүй үг биш гэдгийг хэвлэлээр гарч буй тендерийн будилаанаас харахад л хангалттай байгаа юм. Төрийн залгамж чанарыг үгүй хийж, улстөрийн нам, эвсэл, дов жалганы нөхөрлөлөөр албан тушаал наймаалцаж байгаа нь үүгээр ч зогсохгүй.
Үүнийг З.Мэндсайхан хуулийн хүрээнд ажилладаггүйг бид өмнө нь мэдээлж байснаас тодорхой харж болно. Тэр томилогдоод удаагүй байхдаа л Геологийн төв лабораторын даргыг өөрчилж, Э.Тэгшжаргалыг хуулийн байгууллагад шалгагдаж байхад нь томилчихоод байгаа. Өмнө нь Геологийн төв лабораторын ҮЭХ-ны даргаар ажиллаж байхдаа Э.Тэгшжаргал гэмт хэргийн шинжтэй хууль бус олон үйлдэл хийж байсан тухай баримт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгт хаяглагдан хүргэгдсэн байдаг. Хамгийн сүүлд энэ оны эхнээс л гэхэд “албан тушаалаа урвуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” хэргээр СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, түүнээс дээрх мөнгийг албадан гаргуулах ажиллагааг хийж байгаа. Э.Тэгшжаргал нь байгууллагын нийт ажилчдын хуримтлалын сан болох татварын мөнгийг хувьдаа завшсан учраас хамт олон ннь гомдол мэдүүлсэн нь энэ.

Тиймээс ч өдгөө даргаар томилогдон очсонд ажилчид нь ихэд гайхаж, ямар учиртай томилгоо хийгдсэнийг ойлгохгүй байгаа аж. Тиймдээ л “Тэнэг тэнэгээ таньдаг” гэгчээр “хулгайч” “хулгайчаа” дэмждэг бололтой хэмээн ойр тойрныхон нь шивнэлдэж эхэлсэн. Ийм л нэг хачирхалтай томилгоонууд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед баруун солгойгүй хийгдэж төрийн албаны залгамж халааг үгүй хийж буй нь тэдэнд 2020 онд дахин боломж байхгүй гэдгийг харуулах цаг иржээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин
    2019-12-06 15:49

    Наад юмыг чинь устгуулаад бна лээ штэ

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.