Нүүдэлчин Монгол наадам 8 сарын 11-15 хооронд болно

 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08-р сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.
 

Тус наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өв /СББӨ/-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.

 

Уг наадам нь ардын язгуур урлаг, эх хэл аман уламжлалын илэрхийлэл, гар урлал, үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл зэрэг соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, дотоод гадаадын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой юм.“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан бөгөөд 2-р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.
 

“Нүүдэлчин Монгол” наадмын хөтөлбөрт Үндэсний спортын их наадмын зуны төрөл болох үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдах бол аймаг, нийслэлээс оролцож буй ардын авьяастнуудын болон язгуур урлагийн хамтлагуудын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа, үндэсний уламжлалт хоолны худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

 

Их наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан нэгдүгээр байр 20 сая, хоёрдугаар байр 15 сая, гуравдугаар байр 10 сая төгрөг, тус бүр цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах юм.


Мөн СББӨ-ийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон СББӨ-ийн их наадмын үеэр зохион байгуулах үндэсний спортын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчдыг Их наадмын Зохион байгуулах хорооноос болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшуулал олгох аж.

 

BOLLOO.MN

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.