САРЬДАГИЙН ХИЙДИЙГ ЗОРЬСОН АЯЛАЛ

 

САРЬДАГИЙН ХИЙД

(48°27,382’N 108°00,123’E)
буюу Рибогэжай гандан хийд

Замын мэдээлэл: Сарьдагийн хийд хүртэл Улаанбаатараас 170 км, Тэрэлжээс 100 км. Энэ 100 км-ийг тодруулбалТэрэлж-Босгын гүүр-Шар булгийн рашаан (бараатай өнгөрнө)-байгаль хамгаалагчийн пост 70 км. Энэ 70 км хөдөөгийн ердийн зам. Постоос цааш үлдсэн 30 км бол за харин жолоочийн чадвар, техникийн шандсыг сорьсон 5 км тутамд таарах намгархаг шавартай зам. 


Тэрэлжээс-пост хүртэл 2 цаг. Пост-Юдэгийн даваа 5 км-Сарьдагийн хийд 25 км-т 2.5 цаг. Газар хуурай, ямар ч саадгүй үед явж болох хамгийн богино цаг нь Тэрэлж-Сарьдагийн хийд 4.5 цаг. 
Энэ 4.5 цаг бол дугуй өнхөрч байх үеийн тооцоолол юм шүү. Үүн дээр зогсоно, амарна, бие засна, цайлна, шаварт сууна гэх мэт зогссон цагаа нэмж бодно. Шаварт суувал цагаар төдийгүй хоногоор саатах ч үе таарна. 


Хавар намар, газар хуурай үед л сайтар тоноглосон SUV ангиллын техник очно. Харин зун бол ямар ч техник зүтгээд “чанга шүү”, ер нь бодоод ч хэрэггүй. 
Газ 66, Зил 131 гэх мэт хэт бартаат, цэргийн техник ч намагт шигдэж сууна.

 

Бидний хэсэг аялагчид 2 Patrol Y60, 1 Газ 66 маркийн техникээр 2018 оны 5-р сарын 18-20-ны өдрүүдэд Хэнтийн нуруунд орших, 350-аад жилийн түүхтэй, ариун дагшин газар болох Ян сарьдагийн өвөрт (Сарьдаг уул), нар ээсэн нууцгайхан дэвсэг газарт өдгөө туурь нь үлдсэн Сарьдагийн хийд хэмээх газрыг зорин очиж үзлээ. Нутгийн ард “Хийдийн сарьдаг” хэмээн нэрлэдэг аж. 


Сарьдагийн хийдийн түүхийг сөхвөл тэртээ 17-р зуунд Манжийн дарлалын үед Өндөр гэгээн Занабазар үүсгэн байгуулж, 1654-1686 онд оршин тогтнон Бурхны шашныг дэлгэрүүлж байжээ. Улмаар 1688 онд Галдан бошигт хаан эрж хайж явсаар олж, түйвээж устгасан гэдэг. Тухайн үедээ 2000 гаруй лам хуврагтай, 4000 орчим цэргийн хамгаалалттай Регдо Шадублин буюу Цагаан хот хэмээн нэрлэгддэг шашны томоохон төв байжээ.

 

Хожим нь ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийнхэн 2014 оноос илрүүлэн, судалж байна. Энэхүү хийдийн туурийг илрүүлэн судалснаар Улаанбаатар хотын түүх цаг хугацааны хувьд урагшилж, Монгол Улсын анхны нийслэл тэнд байгуулагдаж байсан хэмээн үзэх үндэслэл, баримт гарч ирж байгаа гэж ойлгож болох нь. Энэ ч утгаараа Э.Бат-Үүл захирагч байхдаа түүхэн ач холбогдол өгч, бас ч хөрөнгө мөнгө гарган судалгааны ажилд дэмжлэг үзүүлсэн төдийгүй, хангарьдын бэлгэдэл бүхий гэрэлт хөшөө босгосон байна. 

 

Тус хийдийг түйвээх үеийн нэгэн домог яриаг одоо та бүхэнд хүргэе. 
Галдан бошигт хаан цэрэг зэвсгийн хүчээр бартаа саад ихтэй, олон уулсын дунд нууцгайхан орших энэхүү хийд сууринг цөхрөлтгүй хайсаар, эцэст нь эрэл мухардан буцах замдаа шулуудсан өдөр нь нэг цэрэг хялгасаар хооронд нь холбосон хоёр хөх түрүү нисч явахыг олж харан, үүнээс улбаалан ойр хавьд лавтайяа хүн байгаа байх нь хэмээн таамаг төрж, дахин эрлээ үргэлжлүүлсээр хайж олсон гэдэг юм байна. 

Хийдийн нэг лам зүггүйтсэн үү, ямартай ч холбоод уячихаж. Эсвэл зориуд тэгж урвагчийн сэтгэлээр дохио, хэл өгсөн үү? Энэ мэтээр хэсэг бодлоо. Домог байдаг юм байна. Гэтэл тэр домог нь бас дотроо тайлалтай юм даг уу даа. 

Сонирхуулахад Галдан бошигт өөрөө хүүхэд ахуйдаа Лхасын оронд очиж, 20 гаран жил бурхны ном үзэн шавилан сууж байсан. Тэгэхдээ бүр Өндөр гэгээнтэй хамт шавилж байсан гэдэг. Хожмоо гэтэл үзэл бодол, эрх мэдэл, тусгаар тогтнолын төлөө хоорондоо тэмцэлдэж. Манай хүрээлэнгийнхэн энэ тууриас нэн үнэтэй, ховор олдвор их олсон юм байна. Хэрэв сонирхвол олдворуудыг үзмэр болгож Түүхийн музейд ч юм уу тавьсан болов уу? Та бүхэн санаж байвал энэхүү судалгааны ажлын тухай, олдворуудыг нийтэд сонирхуулж байгаа тухай телевизүүдээр нэлээд мэдээлж байсан даа. 

 

 

За би өөрийн цухасхан мэдээлэлдээ түшиглээд энэ нандин түүхийг аймшиггүйгээр зориглон зах зухаас нь сонирхууллаа. Буруу зөрүү зүйл байвал өршөөн, залруулна биз ээ. 
Харин зорьж очин, үзэж сонирхохыг үнэнхүү хүсвэл миний бие дуртайяа аяллыг тань зохион байгуулах болно оо.

Б.Ижилмөрөн.
2018.05.23.

48°14,206'N 108°06,248'E пост
48°17,777'N 108°06,620'E юдэгийн даваа
48°23,434'N 108°06,757'E өндөр эрэг
48°27,382'N 108°00,123'E сарьдагийн хийд.

 

Дашрамд дурьдахад Б.Ижилмөрөн маань өөрийн найз Ш.Батдэлгэрийн хамт Монголд хамгийн олон жийп автомашинтай аяллыг зохион байгуулж байсан чадварлаг нэгэн билээ.

Та бүхэн сонирхолтой, адал явдалтай аялал хийхийг хүсвэл Ijilmurun Batbayar хаягаар түүнтэй холбогдоорой. 

Ижилмөрөнгийн цахим хуудсаас та бүхэнтэй аяллын мэдээллийг хуваалцлаа.

 

BOLLOO.MN

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

ЦУЦЛАХ

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин ...
    2018-06-02 13:19

    Гоё

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.