МУИС-ИЙН ЛАБОРАТОРИОС ТӨРСӨН NETEMS СИСТЕМ

 

Инженер бол “бүтээгч” хүн. Харин дижитал эриний давлагаа эхэлсэн өнөөдрийн нийгэмд инженерүүд зөвхөн бүтээдэг гэх ойлголт үгүй болж, хэдийн бүтээгч болоод бизнесийн чадваруудыг эзэмшин гарааны бизнес, Монгол улсын хөгжлийн суурийг бэлдэж эхэлсэн байна. Үүний жишгээр 2012 оноос эхлэн Монгол Улсын Их сургуулийн багш нар болон инженерийн ангийн оюутнуудтайгаа хамтран судалгаа хийж, Монголдоо өөрсдийн гараар бүтээх боломжтой NetEMS орчны хяналтын системийг зохион бүтээж, зах зээлд нийлүүлж эхлээд байна.

 

NetEMS орчны хяналтын системийг зохион бүтээгч, электроникийн инженер О.Золжаргал:

Электроны инженерчлэлийн чиглэлээр Нано Транзистор Chip Designing, NetEMS орчны хяналтын системийн судалгаанууд дээр тус тус ажиллаж байсан. Нано Транзистор чипний (chip) дотоод технологийн судалгаа, харин Chip Designing нь электрон төхөөрөмжүүдийн зориулалтаас хамааран тухайн чипний загварыг зохион бүтээх асуудал юм. Харин NetEMS нь МУИС-ын лаборатори дахь судалгааны ажлаас бодит биелэлээ олсон бүтээгдэхүүн бөгөөд дата центерийн тусгай орчин, хэвийн ажиллагааг хянагч систем юм.

 

ES: Шинжлэх ухаан, менежмент, технологи хослуулан МУИС-ын лабораториос гарсан гарааны бизнесийнхээ эхлэлийн талаар ярьвал? 

Дээр дурдсан судалгаа хийхээс гадна одоо бидэнд буй бодит нөөц бололцоогоороо бодит бүтээгдэхүүн хийх хүсэл их байсан. Хүн юуг мэдэхгүй байгаагаа мэдэж, яг бодит практик дээр ажиллаж үзээд өөрийн явах ёстой чиглэлээ олох юм байна гэж ойлгосон хэрэг л дээ. Станц болоод бусад сайтууд дээрх том брэндийн өндөр үзүүлэлттэй мундаг төхөөрөмжүүдийг харах болгондоо Монголчуудын, бидний бүтээсэн бүтээгдэхүүн хэзээ үүн шиг хаа сайгүй ашигладаг болох бол, бид уул нь хийж бүтээж чадах юмсан гэсэн бодол их төрдөг байсан.

 

Яг тухайн үед  Их сургуулийн багш Баярпүрэв болоод хэсэг багш нар, нийт нөхөд маань “Хайрхан Семикондакторс” гарааны компани байгуулсан. Анхандаа гарааны бизнесийн маань зорилго нь бодит электрон систем бүтээх биш Chip Designing хийж, түүнийгээ гаднын компаниудад борлуулах зорилготой байлаа. Гэвч явцын дунд Дата центерийг алсын зайнаас хянах NetEMS систем болон өөрчлөгдсөн. Ай Ти Зон компаниас бидэнд технологийн гарааны бизнес гэдэг утгаар нь хөрөнгө оруулалт хийж байсан нь их талархууштай.  

 

Компаниа байгуулчхаад бидний авч ажиллаж байсан томоохон төслийн нэг  МОБИКОМ ХХК-ийн уулын орой дээрх 20 бааз станцын нэгдсэн хяналтыг хангах байлаа. Уулын орой дээр байгаа станцууд гаднын нөлөөлөл, дотоод гэмтэл, температурын доголдол гэх мэт маш олон шалтгааны улмаас саатал гардаг. Энэ нь маш их зардал дагуулна гэсэн үг шүү дээ. Бид энэхүү асуудлыг шийдэхийн тулд алсын зайнаас тухайн станцын хэвийн ажиллагааг хянах зориулалттай электрон систем, төхөөрөмжийн хамт зохион бүтээсэн нь NetEMS юм. Энгийнээр бол бидний бүтээсэн NetEMS хяналтын систем нь тусгай орчин бүрдүүлэгч (Airconditioner, UPS, Diesel generator, Rectifier г.м) төхөөрөмжүүдээр дамжуулан Улаанбаатараас станцууд дотор болж буй доголдол, гарч болзошгүй гэмтлүүдийг урьдчилан мэдэх боломжтой ухаалаг систем юм.

 

ES: NetEMS хяналтын систем, электрон төхөөрөмжийг хэрхэн бүтээв? Үүнийг зах зээлд гаргахад техникийн болон менежментийн тал дээр ямар ямар сорилтууд тулгарч байсан бэ?

Системийн хөгжүүлэлтийн явцад маш их асуудал тулгарч байсан систем маань суурилуулалтын хувьд ч тэр, ажиллагааны хувьд ч тэр нэг л тогтворгүй байлаа. Төхөөрөмж бүр дээр ялгаатай хөгжүүлэлт, код бичигдэж байсан учир маш их ажил болж байлаа. Энэ үед гаднын төхөөрөмж шатах, мөн манай төхөөрөмж шатахаас эхлээд олон асуудлууд дагуулдаг байсан.  Манай улсад электрон систем бүтээхийн сул тал нь үйлдвэрлэл байхгүй учир бүхий л эд анги, сэлбэгийг захиалж, PCB хавтангийн угсралт хийх үйлдвэр гээд бүгд л байхгүй учир гадагшаа л хандахаас өөр аргагүй болдог. 

 

Гэвч бид энэ бүгдийг үл харгалзан NetEMS электрон систем зохион бүтээх ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Учир нь бид электрон системийн өөрийнх нь биет өртөг дээр өөрсдийн оюуны өртгийг нэмж, нэмэн өртөг шингэсэн, ашгийн түвшин өндөртэй бүтээгдэхүүн хийж байгаа учир уг системээ улам сайжруулж илүү тогтвортой, найдвартай ажиллах систем болгохоор зорьж байгаа. Бусад системтэй харьцуулахад хэрэглэгчийн зах зээлд бус үйлдвэрийн зах зээлд өрсөлдөх учир үнийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болоод байгаа юм.

 

Одоо бодоход анхны загварууд маань гадна өнгө үзэмж муутай, ажиллагааны хувьд тогтворгүй байсан бол бидний эцсийн хувилбар болгон гаргаад байгаа NetEMS V1.3 маань илүү тогтвортой ажиллагаатай төхөөрөмж болсон байна. Энэ үед л тогтвортой ажиллаж буй системээ хараад хамгийн их урам зориг авч байна даа. Бусад орчны хяналтын системүүдээс ялгарах давуу тал нь бид орчны хяналт хийхээс гадна SCADA системтэй адилаар төхөөрөмжүүдийн хяналтыг хийдгээрээ давуу талтай хосолсон систем болж байгаа юм. 

  

ES: Artifficient Intelligence, Machine Learning, Video analytics гэх мэт маш олон тренд технологиуд гарч байна. Энэ үед NetEMS цаашид хэрхэн хөгжүүлэлт хийхээр харж байна вэ? 

Сүүлийн үед гараад буй технологиудыг нэвтрүүлэх бүрэн боломжтой. Одоо бидний харж байгаагаар NetEMS-ийн бүх төхөөрөмжөөс ирж буй өгөгдөл дээр ирээдүйг таамаглах алгоритмыг ажиллуулж төхөөрөмжийн насжилтыг ойролцоолох, их засвар, урсгал засвар хийх шаардлагатай хугацааг урьдчилан тооцож анализ хийдэг. Үүний тулд цэгцтэй өгөгдөл цуглуулж IoT буюу Юмсын интернэтийн салбарлуу илүүтэй хөгжүүлэлт хийх шаардлага тулгарч байна. Ирээдүйд IoT, Machine Learning буюу (өөрөө суралцах) алгоритм суулгаснаар тоног төхөөрөмж бүр интернэтээр хоорондоо холбогдоно. Ийнхүү ухаалаг NetEMS системийг бий болгосноор орчны үзүүлэлтүүдийг шууд хянаад зогсохгүй, хянаж буй өгөгдөл дээрээ тулгуурлан инженерүүдийн авах арга хэмжээг урьдчилан мэдэгдэж, ухаалаг хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Эдгээр нэмэлт өөрчлөлтийг хийхээр судалгааны шатандаа явж байгаа бөгөөд NetEMS бүтээгдэхүүнийг цаашид гадны зах зээл рүү гаргах төлөвлөгөөтэй байна.

  

ES: Энэ бүхний ард гарсны дараах таны ойлгосон нэг зүйл?              

Нэг төхөөрөмж, системтэй нь хөрсөн дээр буулган бүтээж, үнэ цэнэт бүтээгдэхүүн болгон гаргана гэдэг санасан шиг амар зүйл биш. Бүтээгч нүд, хэрэглэгч нүд гэж 2 янзын өнцөг байна. Одоо харахад гарааны бизнес эхлүүлэн ажиллаж байхад захирлаас эхлээд бүгд инженер хүмүүс байсан тул бүгдийг хэрэглэгч биш бүтээгч нүдээр харж байсан. Тэр бол гарааны бизнесийн хувьд буруу алхам юм. Олон янзын ур чадвартай хүмүүстэй хамтран хүн бүр өөр өөрийн гэсэн чаддаг зүйлээ хийж нэг баг болон тууштай явах нь ажил амьдралын гол зарчим болдог юм болов уу.

 

Гэхдээ бидэнд одоог хүртэл өндөр технологийн Ноу-Хау, мэдлэгтэй инженер, талентууд хэрэгтэй хэвээр байна. Одоо аль болох гадаад оронд суралцан, ажиллаж буй инженер, бүтээгч залуус маань Монголдоо ирж гар бие оролцож, мэдлэгээ түгээх хэрэгцээтэй байна. МУИС-ийн 6 багш 7 төгсөгчид нийлээд NetEMS хяналтын систем, электрон төхөөрөмж бүтээж байгаа бол түүнээс илүү орчин үеийн шилдэг технологийг бид ирээдүйд бүтээх боломжтой гэж харж байна. 

 

NetEMS системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу. 

 

Эх сурвалж: ITZONE.MN сайтаас

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.